ГЭМТЭЛ СОГОГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛЖ АЖИЛЛАХААР БОЛЛОО…

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон Хан-Уул Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг нар өнөөдөр дүүргийн хүн амд үзүүлэх гэмтэл согогийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ хүрээнд дүүргийн иргэдэд үзүүлж буй гэмтэл согогийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр сургаж чадавхижуулах, хамтарсан үзлэг оношилгоог зохион байгуулах болон осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг дээшлүүлэх зэрэг хамтын ажиллагааны талаар эмнэлгийн удирдлагууд төлөвлөсөн.
Түүнчлэн телемедицин (цахим зөвлөн туслах үйлчилгээ)-ээр дамжуулан гэмтлийн шалтгаантай болон биеийн байдал хүнд үйлчлүүлэгчдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх, ГССҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарыг тодорхой хуваарийн дагуу Эрүүл мэндийн төвд ажиллуулахаар боллоо.
Хамтын ажиллагааны дагуу дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч мэргэжилтнүүдэд ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасгаас “Гавал тархины гэмтэлтэй өвчтөнг үзэж, оношлох” сургалтыг энэ өдөр зохион байгуулсан юм.