ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА…

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгон зан үйлийг өөрчлөх замаар бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн хувьд эрүүл, өв тэгш Эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний Хан-Уул дүүрэг дэх нээлтийн өдөрлөгийг 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Богд Хааны Ордон Музейн гадна талбайд зохион байгууллаа.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгох, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан нь Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт гуравт заасан “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх”, “Хүн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” эрүүл мэндийн бодлогын зорилтуудыг хангаж байгаа бөгөөд хэрэгжүүлэхэд Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн чухал ач холбогдолтой юм.
Мөн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлж, тархалтыг бууруулснаар өвчлөл, нас баралт, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдлыг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой бөгөөд хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэж, архины хэрэглээг багасган, тамхинаас татгалзан, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, амьдралын туршид идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр зүрх судасны өвчин, тархины цус харвалт, хоёрдугаар хэв шинжийн чихрийн шижин өвчнийг 80%, хорт хавдрыг 40%-иар тус тус бууруулах боломжтой гэж үздэг байна.
Уг өдөрлөгөөр хүн амын дунд амьдралын хэв маягтай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл идэвхтэй дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт, эрүүл амьдралын зөв хэв маягийг сурталчлан таниулж байгаа аж.
Хан-Уул дүүргийн Эрүүл Монгол Хүн өдөрлөгт Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Хан-Уул ЭМТ-ийн төвийн дарга А.Сувдаа нар болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Dr.Chingun эмнэлэг, Хан-Уул эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд эмч, мэргэжилтнүүд оролцсон байна.