Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан” ТББ, Швейцарь улсын “Новартис сан”-гаас хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цусны даралт хэмжих аппарат хүлээлгэн өглөө.
Тус арга хэмжээнд НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа, НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, ДИТХ-ын төлөөлөгч Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, ДЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг, “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн удирдагч Т.Хулан зэрэг зочид төлөөлөгчид оролцлоо.
Цусны даралт хэмжих аппараттайтыг Хан-Уул дүүргийн 12 өрхийн эрүүл мэндийн төв буюу 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүд хүлээн авч байгаа юм.
“Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих автомат аппарат нь гурван удаагийн хэмжилтийг дараалан хийж дундаж үзүүлэлтийг гаргах боломжтой, ухаалаг гар утсанд суулгах эрүүл мэндийн аппликейшнтай, Bluetooth холболт ашиглан мэдээллийг шилжүүлж, хянах, зүрхний тосгуурын чичиргээг өндөр нарийвчлалтай мэдэрдэг олон давуу талтай аж.
Ингэснээр ӨЭМТ-үүд цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, хянах бүрэн боломжтой болж байгаа юм.