Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Галзуу өвчинтэй тэмцэх өдөр”-ийн хүрээнд өнгөрөгч 9-р сарын 28-нд Нийслэлийн Мал эмнэлгийн хүрээлэн, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв, ХУД-ийн 13 дугаар хороо, Туул тосгоны эрүүл мэндийн төвтэй хамтран “Бид галзуу өвчнөөс 100 % сэргийлэх боломжтой” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн үеэр нийт 40 орчим иргэн, Онцгой байдлын 65 дугаар ангийн албан хаагчид эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан бөгөөд галзуу өвчний талаар үнэн зөв, бодитой мэдээллийг сонсож, цаашид эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд хаана хандаж, ямар арга хэмжээ авч, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах талаар ерөнхий мэдлэгтэй боллоо.
Галзуу өвчин нь вирүсээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг бөгөөд мал, амьтнаас хүнд халдварладаг зоонозын хурц халдварт өвчин юм. Хүний галзуугийн өвчлөл Антрактидаас бусад бүх тивийн 150 гаруй оронд тохиолддог төдийгүй жил бүр олон мянган хүн энэхүү өвчнөөр өвчилж нас бардаг байна. Эдгээрээс 90 гаруй хувь нь нохойд хазуулж, уруулснаас халдвар авсан байжээ.
2016 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /WHO/, Галзуу өвчнийг хянах дэлхийн холбоо /GARC/ зэрэг байгууллагаас "2030 он гэхэд нохойгоор дамжин халдварлах хүний өвчлөлийг тэглэх" зорилго тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд:
1. Тухайн газар нутаг дахь бүх нохдын 80-аас дээш хувийг дархлаажуулах
2. Галзуу өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх, хүн амын мэдлэг мэдээллийг сайжруулах
3. Эрсдэлд өртсөн тохиолдолд өртөлтийн дараах сэргийлэх эмчилгээг цаг алдалгүй хүргэх гэсэн гурван чиглэлийг зөвлөж байгаа билээ.