Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр “болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ баярыг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн.
Өнөөдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Олон улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Хан Уул Эрүүл мэндийн төвийн эмч нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж ИТХ-ын дарга Б.Цэрэн эмч нарт хандаж үг хэллээ. Тэрбээр "Хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авъяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа нийт эмч нар Та бүхэндээ Дэлхийн эмч нарын өдрийн чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе” хэмээлээ.
Тус арга хэмжээнд эмч нарын тангараг өргөх ёслол болж, эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авъяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан ажилласан ХУДЭМТ-ийн Нүдний эмч Т.Сувдмааг Засаг даргын Жуух бичгээр, Лабораторийн их эмч Х.Онончимэг, Дотоод шүүрлийн булчирхайн их эмч Ц.Отгонжаргал нарыг Засаг даргын Өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшууллаа.
Тус ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ДИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын Зөвлөх Ч.Бат-Оргил, ДИТХ-ын төлөөлөгч, ХУЭМТөвийн дарга Э.Бодьцэцэг, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Буянхишиг болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.