Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторид 502 хүнд шинжилгээ хийснээс COVID-19 халдварын тохиолдол 13-аар нэмэгдэж, нийт 30 болсон байна.
Тодруулбал, ОХУ-аас ирсэн 282 иргэнээс сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болох 30 хүнд шинжилгээ хийхэд 13 нь “Ковид-19” халдвартай нь батлагджээ.
Эдгээр иргэд нь 19-23 хүртэлх насны оюутнууд бөгөөд заримд нь 1-2 төрлийн шинж тэмдэг илэрсэн бол ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хүн байгаа аж.
Халдвар авсан иргэдийн биеийн байдал хэвийн байна гэлээ.
Мөн өчигдөр нэг өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 5 болсон байна. Бусад 25 тохиолдол нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчилгээ хийгдэж, хяналтанд байгаа тухай мэдээлэл өглөө.
Иймд иргэд та бүхнийг гэрээсээ гаралгүй, онцгой тохиолдолд гарвал маш сайн хамгаалах, амны хаалтаа байнга зүүх, нимгэн бээлий өмсөх, гараа тогтмол савандаж угаан, халдваргүйжүүлэхийг зөвлөж байна.