ДАРХАН, СЭЛЭНГЭ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАХ ШИЙДВЭР ГАРЛАА

УОК-ын гишүүн, ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал “Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос шинэ коронавирус буюу COVID-19 илэрсэн.

Иймд урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа” гэлээ.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас аль ч чиглэлд гарах, мөн тус хот, аймгууд руу аль ч чиглэлээс орох хөдөлгөөнийг хязгаарлаж байна.
Улсын Онцгой комиссын уг шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нарийвчилсан журам гаргахыг аймаг, нийслэлийн Онцгой комисст үүрэг болгосон байна.

Хязгаарлалт тогтоосон энэхүү хугацааг цаашид сунгахгүй байх чиглэл барьж байгаа тухайгаа ОБЕГ-ын дарга Т.Бадрал дурдлаа.