ЭМЯ-ны мэдэгдэж буйгаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан нэг тохиолдол шинээр бүртгэгджээ. Уг тохиолдол нь Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол иргэн юм байна.
Тус иргэн нь гэр бүлээрээ ирсэн тээврийн жолооч бөгөөд хилээр орж ирээд тусгаарлалтад байсан, эхнэрт нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тусгаарласан талаар ЭМЯ мэдээллээ. Мөн хамт явж байсан эхнэрт нь ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа ч тусгаарлан, ажиглалтад авах юм.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өмнө нь Алтанбулагийн хилээр иргэдээ оруулах, тусгай үүргийн нислэгээр хүмүүсээ авчрах явцад коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөх эрсдэл байсан. Харин тээврийн жолоочоос коронавирус илэрсэн нь дахин нэг эрсдэл бий болсныг харуулж байна.
Өвчлөл бүртгэгдсэнээс хойш хугацаанд 79 жолоочийг тусгаарлаж, ажиглалт, шинжилгээ хийсэн. Тухайн жолоочтой ойрын хавьтал болсон хяналт, шалгалтын ажилтнуудыг тусгаарлаж, шинжилгээ хийнэ. Гэхдээ тэдгээр ажилтнууд бүгд хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй байсныг энд тодотгох нь зүйтэй” гэв.
Шинээр бүртгэгдсэн тохиолдол нь хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт хот хүртэл явсан өгүүлэмжтэй аж.
Монгол Улсад өмнө нь бүртгэгдсэн COVID-19-ийн 33 тохиолдол:
2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг мэдээлж байв.
2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн
2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ.
2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор ОХУ-аас ирсэн иргэдээс сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан юм.
2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
2020.04.16: ОХУ-аас ирээд “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ.
2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
2020.04.20: ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.