Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 12.1.1, 12.1.4 дэх заалт, Шадар сайдын 2020 оны “Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургуульд оролцох тухай” 33 дугаар тушаалын хүрээнд “КОВИД-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуульд Хан-Уул эрүүл мэндийн төв оролцож байна.
Тус дадлага сургууль 2020 оны 05 дугаар сарын 06, 07, 08-ний өдрүүдэд болох бөгөөд Хан-Уул эрүүл мэндийн төв нь Сувилгааны нэгж, Дүрс оношлогооны өрөө, Шар бүсийн хэсгүүдийг зохион байгуулж бэлэн байдлыг ханган ажиллана.
Нийслэлийн Эх хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлэг дэлгэх, Буянт-Ухаа спортын ордонд 300 ортой тусгаарлан эмчлэх төв дэлгэх үйл ажиллагаа явах бөгөөд гамшгаас хамгаалах хууль, стандартын дагуу зохион байгуулагдах дадлага сургуулийн бэлтгэл ажил хийгдэж эхэллээ.