КОВИД-19 ДАДЛАГА СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

“КОВИД-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд Монгол улсын Шадар сайд, Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Уг сургууль 3 үе шаттайгаар Нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул дүүрэг болон Дархан, Сэлэнгэ аймгуудад зохион байгуулагдах юм. Энэ хүрээнд Буянт-Ухаа спортын ордонд 300 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн эмнэлэгт 100 ортой эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангид хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг хийх юм.

Дадлага сургуулийн эхний өдөр буюу өнөөдөр Эрүүл мэндийн яам болон нийслэлийн Онцгой байдлын шуурхай штабууд хариу арга хэмжээний үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

Энэ үeэр хүн зөөвөрлөх, цагдаагийн хамгаалалтад авлаа гэх зэрэг арга хэмжээ явагдах тул иргэд айж цочирдолгүй мэдээлэлтэй байхыг анхааруулж байна.