ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЖИЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон коронавирусын эсрэг урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зайлшгүй шаардлагатай үед ажиллах тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай биечлэн танилцаж ажиллалаа.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь шаардагдах эм, оношлуур, багаж хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг нөөцлөх, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламж, үйлчилгээний өрөө тасалгаа нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг ханган Эрүүл мэндийн яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байгаагаа танилцууллаа.

Амьсгалын замын шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийг хүлээж авахад зориулан тусгаарлах өрөөг бэлтгэн шаардагдах тоног төхөөрөмж, багаж хувийн хамгаалах хэрэгслэл, гар халдваргүйтгэх бодис нөөцлөн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.

Ж.Алдаржавхлан нөхцөл байдалтай биечлэн танилцангаа тус байгууллагын эмч, ажилчдын цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээлэл, санал хүсэлтийг сонсон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж байгаа нийт эмч, эмнэлэгийн байгууллагын ажилчдад дэлхийн эмч нарын өдрийн халуун мэнд хүргэж, ажлын амжилт хүслээ.

Энэ үед дүүргийн Эрүүл мэндийн төв болон 21 хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардагдаж байгаа эмнэлэгийн хэрэгсэлүүдээр дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.