Халдварт өвчний тархвар судлаач эмч нар нийгэмд үргэлж гэрлэн дохио шиг чухал үүрэгтэй ажилдаг. Учир нь, аливаа эрсдэлийг тэд улирлаар тооцдог, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг аль хэдийнэ аваад эхэлсэн байдаг. Тиймээс энэ удаа нийгмийн эрүүл мэндийн асуудал болон “COVID-19” тойрсон сэдвээр ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн тархвар судлаач эмч С.Өлзийжаргалтай ярилцлаа.
-Энэ жил нийслэлд болон танай дүүргийн хэмжээнд халдварт өвчний гаралт хэр байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар халдварт өвчний 5844 тохиолдол бүртгэгдэж, 10 мянган хүн амд 40.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1718 тохиолдол буюу 22.7 хувиар, 10 мянган хүн амд 12.47-оор тус тус буурсан байна. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нийт бүртгэгдсэн халдварт өвчний 31.5 хувийг, гэдэсний халдварт өвчин 10.5 хувийг тус тус эзэлж байна. Амьсгалын замын халдварт өвчнүүдээс салхинцэцгийн өвчлөл 1485 тохиолдол буюу 10.5-аар, гэдэсний халдварт өвчнүүдээс цусан суулгын өвчлөл 573 тохиолдол буюу 4.1-ээр, хоолны хордлогот халдвар -2,7-оор тус тус буурсан байна.
Хан-уул дүүргийн хэмжээнд энэ оны эхний дөрвөн сард халдварт өвчний нийт 399 тохиолдол бүртгэгдэж 10 мянган хүн амд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 378 тохиолдол буюу 1907-оор буурсан байгаа нь нийслэлийн дунджаас 18.2-оор доогуур байна. Цочмог халдварт өвчнүүдээс салхинцэцгийн өвчлөл 159 тохиолдол буюу 9.4-өөр цусан суулгын өвчлөл 42 тохиолдол буюу 2.5-аар тус тус буурч хоолны хордлогот халдвар гараагүй байна.Энэ тавдугаар сард ч гэсэн халдварт өвчний гаралт харьцангуй бага байгаа
-Хан Уул дүүрэг бол нийслэлийн хүн ам ихтэй дүүргүүдийн нэг. Дулааны улиралд ямар өвчлөл гол төлөв дэгддэг вэ?
-Хан-Уул дүүргийн хувьд сүүлийн жилүүдэд шинээр орон сууцны хорооллууд их баригдаж байгаатай холбоотой хүн ам ихээр нэмэгдэж байна. Хүн амын төвлөрөл нягтрал ихсэх тусам тухайн нутаг дэвсгэрийн агаар, хөрсний бохирдол ихэсдэг. Үүнтэй холбоотой халдварт өвчний гаралт бас нэмэгддэг. Хурц халдварт өвчнүүд нь улирлын чанартай ихэсдэг. Тухайлбал, амьсгалын замын халдварт өвчнүүд болон томуу, томуу төст өвчин хүйтэн сэрүүний улиралд буюу аравдугаар сараас эхлэн гарч жил бүр нэг, хоёрдугаар сард өвчлөл ихэсч дэгдэлтийн хэмжээнд хүрдэг. Энэ нь тухай өвчний үүсгэгчийн онцлогтой холбоотой.
Харин урин дулааны улиралд аялал зугаалга, хөдөө, хот руу чиглэсэн хүн амын хөдөлгөөн ихэсдэг. Үүнийгээ дагаад гудамж талбайд ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг гар дээрээс ихээр худалдаалдаг тул хоол хүнсээр дамжин халдварладаг гэдэсний халдварт өвчнүүд болох цусан суулга, балнад, сальмонеллёз, хоолны хордлогот халдварууд нэмэгддэг. Мөн дулааны улиралд ялаа батгана гарч халдварыг дамжуулах нэг хүчин зүйл болж байдаг. Энэ жилийн хувьд коронавирусын халдвараас сэргийлэх чиглэлээр хүн бүр маск зүүж, гарын ариун цэврийг чанд сахиж , олныг хамарсан үйл ажиллагаануудыг хязгаарлаж хөл хорио тогтоосон зэрэг нь хурц халдварт өвчнүүдийн гаралт багасахад нөлөөлсөн гэж үзэж байна.
-Энэ жилийн хувьд, бид “COVID-19” гээд бусад халдварт өвчнөө мартагнаад байх шиг. Ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?
-Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол хувийн ариун цэвэр буюу эрүүл ахуйн хэм хэмжээг хүн бүр амьдрал ахуйдаа хэвшүүлэх явдал. Тиймээс дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу албан байгууллага аж ахуйн нэгж, айл өрхүүд орчны эдэлбэр газартаа сар бүр их цэвэрлэгээ хийж байна. ЭМТ болон өрхийн эрүүл мэндийн төвүүдээс хүнсний бүтээгдэхүүнүүдийг зөв хадгалах, бүрэн гүйцэт боловсруулж хэрэглэх, гудамж талбайд ил задгай зарж байгаа хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх, гарын эрүүл ахуйг сахиж хэвших зэрэг сэдвүүдээр иргэдэд чиглэсэн зөвлөмж, сурталчилгааны материалуудыг ЭМТ болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн вэб сайт, дотоод сүлжээ, цахим хуудаст тогтмол байршуулах зэрэг мэдээлэл сурталчилгаа, заавар зөвлөмж өгөх ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.
-Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллагуудад бас хяналт тавьж, зөвлөмж өгч байгаа гэж сонссон?
-Өрхийн эрүүл мэндийн төвүүд хорооныхоо нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, нийтийн хоолны газруудад зөвлөмж гарын авлага материалуудыг түгээж байгаа. Гол нь иргэдэд чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг түлхүү хийж байна. Бид сүүлийн 4-5 сарын хугацаанд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар хүн амд чиглэсэн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөмж зөвлөгөөг тасралтгүй явуулсны үр дүнд халдварт өвчнүүдийн гаралтыг бууруулж чадсан гэж бодож байна. Тухайлбал, саяхан нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан ”Ковид-19” цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулилтад, Хан-Уул Эрүүл мэндийн төвөөс эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан гээд 36 хүний бүрэлдэхүүнтэй баг шаардлагатай тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг бүрэн ханган оролцсон байгаа. Яармагийн 300 ортой эмнэлэг дээр Сувилахуйн нэг пост, шар бүс буюу завсрын бүсийг, Яармаг 100 ортой эмнэлэг дээр Дүрс оношлогооны хэсгийг тус тус хариуцан ажилласан.
-Өвчлөл гарсан улс орнуудыг харж байхад, шинэ вирусыг хяналтандаа хэр сайн барьж чадахаас олон зүйл шалтгаалж байна. Та халдвар судлаач хүний хувьд, бүр л илүү их санаа зовж суугаа байх?
-Дэлхийн улс орнуудад гарч байгаа коронавирусын халдварын тархалтыг харж байхад тухайн улс, бүс нутгийн цаг агаар, хүн амын төвлөрөл нягтралтай холбоотой байгаагаас гадна тухайн улс орон халдвараас сэргийлэх арга хэмжээг аль болох эрт, оновчтой, зөв зохион байгуулж байна гэдэгтэй холбоотой болох нь харагдаж байна. Монгол Улсын Засгийн газар, УОК, ЭМЯ, ХӨСҮТ, нийслэл дүүргийн Засаг даргын тамгын газар НЭМГ болон бусад холбогдох төрийн байгууллагууд хамтран үндэсний хэмжээнд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ SARS, Н1И1-н цар тахалтай тэмцсэн туршлагадаа үндэслэн цоо шинэ тандалтын тогтолцоо, эрсдэлийн үнэлгээ, шуурхай удирдлагын тогтолцоог нэвтрүүлж гамшгаас хамгаалах тогтолцоотойгоо уялдуулан салбар хоорондын хамтын ажиллагааны зохицуулах механизмыг бүрдүүлэн ажиллаж хариу арга хэмжээг эрт оновчтой зөв зохион байгуулан ажиллаж байгаа нь дотооддоо халдвар тархах эрсдлийг бууруулж байгаа гэж бодож байна .
Улаанбаатар хот бол агаар хөрсний бохирдол ихтэй хүн амын хэт төвлөрөл нягтралтай тул томуу томуу төст өвчин болон бусад цочмог халдварт өвчнүүд улирлын чанартай дэгддэг. Халдвар судлаач эмчийн хувьд аливаа өвчнийг гарсан хойно нь биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрт авч хэрэгжүүлэх нь чухал гэж боддог.
-“COVID-19” бол шинэ төрлийн вирус. Халдварын эх үүсвэр нь одоо болтол бүрэн тогтоогдоогүй. Тиймээс та энэ вирусын онцлогийн талаар иргэдэд бас дахин сануулах үүднээс товчхон тайлбарлаж өгөөч?
-Коронавируст халдварын эх уурхайг анх сарьсан багваахай байж магадгүй гэж үзэж байгаа ч халдварын эх уурхайг бүрэн тогтоогоогүй байна. Гэсэн ч эрдэмтэн судлаачид уг халдвар хүнээс хүнд халдаж байгааг тогтоосон учраас тус халдвараар өвчилсөн өвчтөнг халдварын эх уурхай гэж үзэж байгаа.“COVID-19” халдварыг үүсгэгч вирус нь 40 хувийн агаарын чийгшилтэй цельсийн 21-230С хэмд зэс, ган, цаас, хуванцар эдлэлийн гадаргууд долоогоос дээш хоног тэсвэртэй. Дэлхийн хэд хэдэн орны лабораторид хийсэн шинжилгээ туршилтаар тус вирус нь тасалгааны хэмд модон болон хөвөн эдлэлийн гадаргууд 24 цаг, арьсан эдлэлд 24 цагаас дээш, барилгын хананы шохой, цаасанд 36 цаг, хуванцар эдлэлийн гадаргууд 36-72 цаг, ган эдлэлийн гадаргууд 72 цаг, шилэн эдлэлийн гадаргууд 96 цаг хүртэл хадгалагдаж байгааг тогтоосон байна. Мөн өвчтөний өтгөн, шээсэнд тасалгааны хэмд 1-2 өдөр, суулгах шинж тэмдэг илэрсэн өвчтөний өтгөнд дөрөв хоног хүртэл хадгалагдаж байгааг тогтоосон байна. Харин уг вирус нь өргөн хэрэглээний халдваргүйжүүлэх бодист өвчин үүсгэх идэвх чанараа богино хугацаанд алддаг байна. Ихэнх вирус халуунд тэсвэр муутай байдаг.Гэхдээ шинэ төрлийн коронавирусын шинж чанарыг бүрэн судалж тогтоож чадаагүй байгаа тул яг хэдэн хэмийн халуунд идэвхи чанараа алдаж өвчин үүсгэхгүй вэ гэдгийг одоогоор хэлэх боломжгүй юм.
-Улс орнуудын өвчлөлийг харж байхад, уг вирусын тархалтын давалгаа ямар үе дээрээ явна вэ. Азийн ихэнх орнуудад намжмал байдалтай боллоо гэж ойлгож болох уу?
-Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улс бүс нутагт коронавирусын халдвараар өвчлөөд байна. АНУ, Бразиль, ОХУ, Испани Укриан хамгийн өндөр өвчлөлтэй байна. Манай улс багтдаг номхон далайн баруун бүс хамгийн бага өвчлөлтэй байна. БНХАУ, БНСУ, Малайз, Сингапур, Шинэ зеланд, Япон зэрэг улс орнуудад эхний болон хоёр дахь давалгааны дараа буурах хандлагатай байгаа. Фижи, Лаос улс сүүлийн 30 хоногийн турш халдвар шинээр гараагүй байна. Вьетнамд сүүлийн 34 хоногийн турш шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Монгол, Камбож, Лаос, Фижи, Шинэ гюиней гэсэн таван улс алаг цоог буюу эхний шатандаа байгаа ч дотооддоо халдварын тохиолдол гараагүй зөвхөн гаднаас ирсэн тохиолдлуудад халдвар бүртгэгдсэн улс бол Монгол Улс байгаа. Сүүлийн үед зарим улс бүс нутгуудад халдварын тохиолдол ихсэж байгаа ч зарим улс бүс нутгуудад халдварын тохиолдол буурч хатуу хөл хорионы дэглэмүүдээ шат дараатайгаар сулруулж байна. Жишээлбэл, БНСАУ, Япон, Герман зэрэг улсад хөл хориогоо сулруулахдаа цаашид халдварын дэгдэлтээс сэргийлж, ард иргэдээ амны хаалт заавал зүүх 3 С-н дүрмээ чанд мөрдөхийг сануулж байна.
ДЭМБ-аас хязгаарлалтыг хэт хурдан сулруулах нь халдвар дахих эрсдлийг бий болгож байгаа тул шинжлэх ухааны нотолгоо мэдээлэлд үндэслэн үе шаттайгаар хийж, хөл хорио хязгаарлалтаа сулруулсан ч тохиолдлыг илрүүлэх, тусгаарлах тэдгээрийн хавьтлыг хянах тусгаарлах арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг зөвлөж байгаа.
-Коронавирусын эсрэг эм, вакцин гарган авах судалгааны ажлыг дэлхийн олон оронд эрчимтэй хийж байна. Оношлогоо эмчилгээний хувьд, сүүлийн үеийн мэдээллийг бас нарийн харж суугаа байх. Дуулгах шинэ мэдээллүүд юу байна вэ?
-Коронавирусын эсрэг өвөрмөц эмийн олон судалгаа дэлхийн улс орнуудад хийгдэж байна. Одоогийн байдлаар өмнө нь бүтээсэн вирусын эсрэг эмийг эмчилгээнд хэрэглэж байна. Вирусын үржлийг зогсоох эмүүдэд, “Remdesivir”, “Favipiravir”, “Lopinavir” “Ritonavir”, “Hydroxychloroquine”, “Ivermectin” зэрэг эмүүдийг хэрэглэж байна.
-Эдгээр эмүүд нь гол төлөв аль улсад үйлдвэрлэгдсэн эмүүд байна вэ?
-Remdesivir (Veklury) эмийн хувьд, АНУ-ын Хүнс, эмийн агентлаг энэ оны тавдугаар сарын 1-нд Remdesivir эмийг хэрэглэх зөвшөөрөл олгосон байна. Мөн Япон улсын Эрүүл мэндийн яам гурав хоногийн хугацаанд яаралтай горимоор “COVID-19” эсрэг хэрэглэх албан ёсны эмийн зөвшөөрөл өгсөн байна. Уг эмийг “COVID-19”-ийн улмаас хүндэрсэн өвчтөнд 5-10 өдөр хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Харин судалгаа, шинжилгээний хувьд, “Ivermectin”-ийг “COVID-19” -ийн эсрэг үр дүнтэй эсэх талаар энэ сараас эхлэн Японы Китасато их сургуульд судалж байна. АНУ-ын “Pfizer” компани “COVID-19-ийн эсрэг эм бүтээж байгаа бөгөөд энэ оны 7-9-р сард эмнэлзүйн туршилт хийхээр төлөвлөж байна.
Английн “GSK” компани АНУ-ын Vir biotechnology-тэй хамтран хоёр төрлийн вирусын эсрэг биетийг /VIR-7831, VIR-7832/ нээж холбогдох судалгааг эхлүүлээд байна. Японы “Шионоги” эмийн үйлдвэр Хоккайдогийн их сургуультай хамтран вирусын эсрэг биетийг тодорхойлсон бөгөөд энэ ондоо багтаж анхан шатны туршилт хийх төлөвлөгөөтэй байна. Мөн АНУ-ын Колумбын их сургуулийн судлаачид “COVID-19”-тэй 1376 өвчтөний 58.9 хувийн эмчилгээнд гидроксихлорокин хэрэглэж энэ нь нас барах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж үзжээ. Сүүлийн үеийн мэдээллүүдийг сонирхон харван иймэрхүү л мэдээллүүд байна.
-Манайхан амны хаалтыг тун идэвхтэй хэрэглэж байна. Гэсэн ч бас амны хаалт маскнаас залхсан хэнэггүй нэг хэсэг улс байна. Энэ тал дээр та ямар зөвлөмж өгөх вэ?
-Коронавирусын халдвар нь агаар дуслын замаар болон ахуйн хавьтлын замаар халдварлаж байгаа тул энэ өвчнөөс сэргийлэх хамгийн чухал арга хэмжээ бол амны хаалтыг тогтмол зүүж гарын ариун цэврийг сахих явдал юм. Амны хаалт зүүх нь амьсгалын аппаратад орсноос дээр гэж бичсэн байсан . Иймд энэ өвчнөөр өвдөхгүй байя гэвэл эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийн дагуу амны хаалтаа зөв тогтмол хэрэглэж хэвших нь чухал шүү гэдгийг зөвлөх байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.5.29 БААСАН № 106, 107 (6331, 6332)