Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр”, “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги”-ийн хүрээнд Хан-Уул эрүүл мэндийн төвийн Диабетийн төвөөс санаачлан хоол тэжээлээс хамааралтай өвчин, эмгэгийг бууруулах, эрүүл хооллолтын талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор бүлгийн дадлага сургалтыг зохион байгуулж эхэлсэн.
Иргэдэд чиглэсэн сургалт 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Диабетийн төвийн хоол эмчилгээний кабинетэд эхэлсэн бол Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан бүлгийн дадлага сургалт 06 сарын 10-ны өдрийн 11:30-15:30 хүртэл амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтаар 2 төрлийн эрүүл хоолыг хийж сурсан ба хоолноос 2 цагийн дараа 30-45 минут идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэв.
Бүлгийн дадлага сургалтын үйл ажиллагааг нийгмийн ажилтан С.Хулан чиглүүлж, хоол зүйч эмч Ч.Ганцэцэгийн зааварчилгаа дор хоол бэлтгэх дадлага, биеийн тамирын аргазүйч Д.Соёлмаагаар ахлуулсан дасгал хөдөлгөөний сургалтууд багтсан.