Дэлхийн 216 улс оронд коронавируст халдвар цар тахлын хэлбэрээр тархаж, өнөөдрийн байдлаар 28.7 сая гаруй хүн өвчилж, 930.349 хүн нас барсан бөгөөд өвчлөл болон нас баралтын тоо өдгөө ч буурахгүй байна.
Манай Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст халдварын нийт 311 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Дэлхий нийтийг цочроосон уг халдвар манай оронд тархаагүй боловч Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай чиг үүргийн онгоцоор өвчлөл бүхий улс орнуудаас Монгол иргэдээ авчрах ажлыг тасралтгүй зохион байгуулж буй энэ үед томуугийн улирал эхэлж байгаа нь өвчний эрсдлийг тодорхой байдлаар нэмэгдүүлж байна.
Иймд Ковид-19 халдвар нийт хүн амын дунд тархахаас урьдчилан сэргийлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, коронавируст халдварын үед эрүүл мэндийн анхан шатны байгууллагын хариу арга хэмжээний бэлэн байдал, нэн ялангуяа Ковид-19 халдварын хөнгөн зэргийн үед үзүүлэх тусламж, үйлчилгээ болон эмч, мэргэжилтнүүдийн бэлэн байдлыг хангуулах, улмаар ЭМАШБ-ын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг халдвараас хамгаалах зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эрдэм шинжилгээ, сайн туршлага судлах, дадлага сургалт бүхий цогц арга хэмжээг зохион байгууллаа.
Ковид-19 халдварт цар тахлын үеийн өрхийн эрүүл мэндийн төвийн бэлэн байдал арга хэмжээнд Хан-Уул дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагч нарын төлөөлөл оролцлоо.
Энэ өдрийн арга хэмжээ “Эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдал нь өвчтөний аюулгүй байдлын үндэс” гэсэн уриатай Ковид-19 халдварт цар тахлын үед эрүүл мэндийн ажилтнуудыг урьдчилан сэргийлж, хамгаалахыг зорьсон тусгай өдөртэй давхацсан нь онцлог байлаа.