Коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний цэг нь орох гарах урсгал, тусгаарлах байр, шар бүс, улаан бүс, ногоон бүс зэрэг халдвар хамгааллын чанд нарийн стандарын дагуу зохион байгуулсан байх учиртай тул дурын байрлалд шинжилгээний цэг нээх болохгүй төвөгтэй байдаг байна.
Хан-Уул эрүүл мэндийн төвөөс дүүргийн хэмжээнд 15 шинжилгээний цэгийг нээсэн бөгөөд Яармаг салбар амбулатори, 18 дугаар сургууль, 7 дугаар сургууль, 52 дугаар сургууль гэсэн дөрвөн цэг нь ойрын болон дам хавьталтай иргэдээс шинжилгээ авахаар бэлтгэсэн цэг юм.
Хан-Уул дүүргийн хэмжээнд сэжигтэй тохиолдлууд илэрсэнтэй холбогдуулан эрсдэл өндөртэй бүсүүдэд ойрын болон дам хавьталтай иргэдийг сорьцын шинжилгээнд хамруулах үүднээс Буянт-Ухаа спорт ордонд дахин цэгийг тохижуулан нээлээ.