Цар тахлын үед Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх, дүүргүүд болон аймгуудад PCR шинжилгээний лабораторийг шинээр нэмж байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, бүх талын мэргэжил арга зүйгээр хангах ажлуудыг хийж байгаа юм.
Уг ажлын хүрээнд Хан-Уул эрүүл мэндийн төвийн Яармаг салбар амбулаторид PCR шинжилгээний шинэ лабораторийн үйл ажиллагааг нээх бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.
Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Онцгой комиссын гишүүдийн хамтаар Яармаг салбарын PCR шинжилгээний шинэ лабораторийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний бэлэн байдал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, эмч, ажилтнуудын халдвар хамгаалал, аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа зэрэг нөхцөл байдалтай танилцлаа.
Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг:
Эрүүл мэндийн яамнаас лабораторийн шинэ тоног төхөөрөмжийг суурилуулж, дүүргийн Онцгой комиссоос өрөө, тасалгааны засвар, шинэчлэл болон бусад шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байрыг бэлэн болгож өглөө. Ингэснээр сэжигтэй тохиолдлыг цаг алдалгүй шинжилгээнд хамруулж, шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдэж байгаад баяртай байна гэлээ.
Тус молекул биологийн лаборатори нь өдөртөө 300-800 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай учраас иргэдэд шуурхай шинжилгээ хийж ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулах юм.
ПГУ шинжилгээний шинэ лаборатори ашиглалтад орсноор дүүргийн иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, “Ковид-19” коронавируст халвдар цаашлаад томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг тогтмол хийлгэх бүрэн боломжтой болж байна.