Манай оронд төдийгүй дэлхий дахинд эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь сүрьеэ юм. Дэлхий нийтээрээ Сүрьеэтэй тэмцэх өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 24-нд тэмдэглэн өнгөрүүлдэг ба Монгол Улс энэ жил “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор үйл ажиллагааг зохион байгуулж байна. Сүрьеэ өвчнийг ялан дийлэхэд боломжит дэмжлэг, олон нийтийн оролцоо, тусламж, нөөц, мэдээллийн хөрөнгө оруулалтыг нэн даруй хийх нь чухал байгаа юм.
“СҮРЬЕЭ ӨВЧНӨӨС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан ба тус өдөрлөгт Хан-уул дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансер, сүрьеэгийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын ажилтнууд хамтран оролцож өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, сүрьеэ өвчний талаар сургалт сурталчилгаа хийх, шинж тэмдэг, эмнэлзүйн асуумж авах, урьдчилан сэргийлэх үзлэг хийх, шаардлагтай хүмүүсийг явуулын рентген аппаратаар зургийг авч дүгнэлт өгөх, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгөх, гар зургийн уралдаан зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явууллаа.