Эрүүл мэндийн сайд, НЭМГ-ын дарга нар Хан-Уул Эрүүл Мэндийн төвд ажиллалаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэл болон дүүргийн ИТХ-ын гишүүд өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа.

IMG_8768

Хан-Уул дүүргийн хувьд, нийт 160 мянга орчим хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд шинээр хэрэгжсэн сорьц тээвэрлэлтийн асуудал хэдийнэ жигдрэх шатандаа оржээ. Өдөрт дунджаар 60-70 орчим сорьц ирдэг бөгөөд нийтдээ 12600 гаруй хүнд хүрснээр эмнэлгийн ачаалал тодорхой хэмжээгээр буурч, иргэдийн талархлыг хүлээгээд байна. Халдварт өвчин өмнөх оноос 333 тохиолдлоор буурсан ч гэрийн төрөлт, амьгүй төрсөн нярай ихсэх хандлагатай байгаа тул жирэмсний хяналт, тэр тусмаа өрх болон нарийн мэргэжлийн эмч нарын ажлын уялдаа холбоог сайжруулах зайлшгүй шаардлага тулгарсан талаар эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг дуулгалаа. Тэрбээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үүднээс эмнэлгийн барилгад өргөтгөл хийх, шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг засварлах хэрэгтэй байгааг ч нэмж хэлсэн юм. Эрүүл мэндийн хоёр дахь шатлалын эмнэлгүүдэд дутагдаж гачигдсан зүйл цөөнгүй бий. Харин тус дүүргийн хувьд, нэн түрүүнд тулгамдаж буй асуудал нь ходоодны уян дуран байхгүй, мөн эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн тусламж, үйлчилгээний чанар хангалтгүй байгаа аж. Үүний зэрэгцээ цогцос хадгалах байр байхгүй байгаа нь бас л нэг асуудал.

IMG_8693

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцах явцдаа “Засгийн газрын гишүүд дүүргүүдийн асуудалтай зүгээр нэг танилцаад өнгөрөх бус тодорхой хэмжээнд тулгамдсан асуудлуудыг нь шийдээд явж байгаа. Эрүүл мэндийн салбарын хувьд, Азийн хөгжлийн банкны санүүжилтээр Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгад өргөтгөл хийхээр төлөвлөж байна. Ялангуяа Хан-Уул дүүрэгт баригдаж байгаад зогсонги байдалд орсон төрөх эмнэлгийн барилгын асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, концессын гэрээгээр үргэлжлүүлэн бариулахаар боллоо. Тендер зарлагдсан учраас барилгын улирал эхэлмэгц үйл ажиллагаа нь хэрэгжээд явна” гэлээ.

IMG_8799

Эх сурвалж: http://unuudur.mn/article/95457