Гэдэсний халдварт өвчин

Дулааны улиралд гэдэсний халдварт өвчний тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой иргэдэд дараах мэдээллийг хүргүүлж байна.

Цусан суулга өвчний үед илрэх шинж тэмдгүүд: Халуурна, хэвлийгээр базалж өвдөнө, суулгах үедээ дүлүүлнэ, ойр ойрхон хэлбэргүй, үнэргүй, залхагтай, цусны судалтай суулгана, өтгөний хэмжээ бага

Сальмонеллёз өвчний үед илрэх шинж тэмдгүүд: Өндөр халуурна, огиулж, бөөлжинө, хэвлийгээр нилэнхүйдээ базалж өвдөх, гэдэс дүүрэх, гэдэс хуржигнах, өтгөн их хэмжээтэй усархаг, үнэртэй, ялзмагтай, хар ногоон өнгөтэй, хөөстэй гарна

Гэдэсний халдвараар өвчлөх шалтгаан:

·         Бохирлогдсон хоол хүнс , ус хэрэглэх

·         Халдвартай хүнтэй цуг байх

·         Бохир гар

Эмчилгээ

·         Өрхийн болон халдвартын эмчийн зааврын дагуу эмийг  зохих тунгаар  хийнэ.

·         Шингэн алдалтаас сэргийлж  амаар шингэн сайн уух. Уух шингэнд буцалсан ус, хорсол, шингэн баахуу, будааны шүүс  зэрэг бага концентрацтай уусмалууд орно. Төрөл бүрийн ундаа , жүүс зөвлөхгүй

·         Базлалт өвдөлт ихтэй үед ношпа, бөөлжилттэй үед церукалыг эмчийн заавраар хэрэглэнэ.

Баримтлах дэглэм:

  1. Хувийн ариун цэвэр сахина: Гараа тогтмол угаах

  2. Хоолны дэглэм баримтлана: Үүнд:

  • Олон төрлийн амин дэм, эрдэс агуулсан хоол хүнс хэрэглэнэ
  • Хоол нь шингэц сайтай, хайрч хуураагүй байх
  • Өдөрт 3-с доошгүй удаа хооллоно.

Хэрэглэж болох хүнс

  • Эрдэнэ шиш ба хар талх, гурилан бүтээгдэхүүн
  • Гоймон, хүүхдийн будаа, төрөл бүрийн будаа
  • Ууранд жигнэж болгосон өөхгүй мах (үхэр , тахиа, ямаа)
  • Чанасан загас
  • Янз бүрийн амтлагчгүй төрөл бүрийн шөл
  • Цагаан идээ,ногоо, жимс
  • Ургамлын тос маргарин

Хэрэглэж болохгүй хүнс:

  • Шарсан, тосонд чанасан боов
  • Хонь ,гахайн өөхтэй мах ,борц
  • Шарсан загас
  • Амьтны гаралтай өөх
  • Торт, шоколад, хийжүүлсэн ундаа
  • Архи, пиво ,хурц амтлагчтай зууш, өтгөн кофе

3. Өтгөнд эмгэг төрөгч илрээгүй тохиолдолд өвчилснөөс  хойш 3 сар өрхийн эмчийн хяналтанд байна

4. Хэрвээ өтгөний шинжилгээнд эмгэг төрөгч нян илэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ.