Улаан эсэргэнэ өвчнөөс сэргийлэх зөвлөмж

Улаан эсэргэнэ өвчнөөс сэргийлэх зөвлөмж

Манай улсад улаан эсэргэнэ өвчин 1952 оноос эхлэн бүртгэгдэж, сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. 2015 он гарсаар улсын хэмжээнд улаан эсэргэний нийт 350 өвчлөл бүртгэгдснээс 94.2% нь Улаанбаатар хотод гарчээ.

Өвчлөл бүх насныханд бүртгэгдэж байгаа ч есхүртэлх насны хүүхдийн өвчлөл 86.7%-ийг эзэлж, 20 гаруй хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Иймээс улаан эсэргэнэ өвчнөөс  урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү мэдээлэл зөвлөмжийг хүргэж байна.

Улаан эсэргэнэ гэж ямар өвчин вэ?

Улаан эсэргэнэ нь А хүрээний стрептококкоор үүсгэгддэг, ерөнхий хордлого, гүйлсэн булчирхайн үрэвсэл, арьсан дээрх тууралтаар илэрдэг цочмог халдварт өвчин юм. Бага насны хүүхдүүд ялангуяа 10 хүртлэх насны хүүхдүүд илүү өртдөг.

Халдварын эх уурхай хэн бэ?

Улаан эсэргэнэ өвчтэй хүн, А хүрээний стрептококкын нян тээгчид юм.

Халдвар ямар замаар дамжих вэ?

Улаан эсэргэний халдвар агаар дуслаар амьсгалын замаар дамжина. Мөн уг өвчин үүсгэгчээр бохирлогдсон эд юмс, тоглоом, өвчтөний хувцас, хүнсний зүйл, сүүгээр дамжиж болно.

Хэзээ хамгийн халдвартай байх вэ?

Улаан эсэргэнэ өвчний нууц үе дунджаар 2-7 хоног ба өвчний эхний өдрөөс бусдад  халдварлах боломжтой.

Илрэх гол шинж тэмдэг нь?

  • 38-40градус хүртэл халуурч цочмог эхэлнэ,
  • Бага насны хүүхдэд бөөлжих, хэвлийгээр өвдөх зовиур голчлон илэрнэ,
  • Хөөмий, залгиур хоолой, хүүхэн хэл, зөөлөн тагнай орчмоор улайх, гүйлсэн булчирхай томорч үрэвсэн залгихад эмзэглэлтэй болж хөндүүрлэнэ,
  • Арьсан дээр хоорондоо маш шигүү байрласан, тод улаан өнгөтэй, цэг шиг жижиг  тууралт гарна.

Хэрвээ урьд нь улаан эсэргэнэ өвчнөөр өвдөөгүй хүн, уг өвчнөөр өвчилсөн хүнтэй хамт байсан бол 

  • 10-21 хоног эмчийн хяналтанд байх,
  • Гарын ариун цэврийг сайтар сахих,
  • Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, агааржуулах,
  • Ам, хамрын хөндий, хоолойгоо цэвэршүүлэх уусмалаар өдөрт 2-3 удаа зайлах,
  • Витаминлаг хоол хүнс хэрэглэх,
  • Халуун, бүлээн унд цай, шингэн зүйл ердийнхөөс ахиухан уух,
  • Дулаан хувцаслаж байх,
  • Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандаж зөвлөгөө авах.

Хан уул эрүүл мэндийн төв